2009/01/08

Сайхан

  • манцуйны үнэр сайхан
  • хавар цагт уулын ар өврөөр ягаан шар яргуй ургажээ гээд  хэн нэгэн ороод ирэх сайхан
  • мотоцикл дээр ахынхаа ард суугаад холдон одох айлууд, хойноос хуцах нохой, хонь малын сүрэг харж явах сайхан
  • борооны дараа солонго татах сайхан, нэг биш хоёр бол бүүр сайхан
  • галын дөл харж суух сайхан
  • малгайт цэцэг сайхан
  • холооос наадмын талбайн угалз хээтэй майхан харагдах сайхан, бушуухан дэргэд нь очиж наадамч олны дуунд орохсон гэж яарах сайхан
  • гүзээлзэгэнд явахын өмнөх орой хүчтэй бороо ороход уулын хамаг гүзээлзэгэнэ усан бороонд цохигдсон байх даа гэж байж ядах сайхан
  • жимсэнд явахад шөнө шар шувууны хүүхэд уйлах шиг дуугаар сэрээд айж байна гэж ахдаа наалдах сайхан
  • холын уулыг холдуулан ойртуулан дурандах сайхан
  • шөнөжин бороо орох сайхан. ойр ойрхон сэрж борооны дуу чагнах сайхан
  • цэрэгт явсан ах хүрээд ирэх сайхан. цэргийн хувцсанд нь хүрэх сайхан
  • хээрийн хоол сайхан
  • үхэр тэргээр усанд явах сайхан
  • дээш харан хэвтэж үүлсийн нүүдэл ажих сайхан
  • уйдсандаа хариулж буй хонь малаа алдан алдан ахин дахин тоолох сайхан
  • хурдан юмуу хатирч мориор дөрөө нийлүүлэн давхих сайхан
  • намар болоход бугын урамдах дуу хаа нэгтээ сонсдох сайхан
  • үд хүртэл унтлаа үхрийн дуунаар бослоо гэж хааяа нэг зэмлүүлэх сайхан
  • дүү аминчлан “нэг ийм залуу...” гэж ярих нь сайхан. “эгч” царайлж зөвлөгөө өгөх сайхан
  • нэгэн өглөө босоход цас орсон байх нь сайхан
  • өвөл бүтэн сайны өглөө хийцтэй цай хийж уух сайхан
  • аавын хөвөнтэй дээл сайхан. үнэр нь сайхан. бороотой өдөр нөмөрч унтах сайхан.
  • хүүхэд тэврүүлэх гэж гараа сунгах сайхан
  • ээж зурагт үзэнгээ зүүрмэглэх сайхан
  • бяцхан дүү минь апан япан хол юмуу, онгоцоор явдгиймуу гэж асуух сайхан

2 comments:

Anonymous said...

ийм энгүүн, ийм монгол үнэр үнэртсэн үнэхээр САЙХАН бичлэг үйлджээ, та.
Та мэддэг байх л даа, гэхдээ миний уншсан блогчидоос Dolugen /www.dolugen.wordpress.com/, та хоёр л ингэж сэтгэл татам сайхан бичих юм. Гялайлаа, үнэхээр сэтгэл заслаа.

Сүрэн said...

Bayarlalaa!

Dolugenii blog odoo l medej baina, davhar bayarlalaa ! :)